ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2024 оны 9-р сарын 26) — Ази, Номхон далайн бага дунд орлоготой орнуудад боловсролын чиглэлээр 500 сая ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт олгох хэлэлцээрт Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Олон улсын боловсролын санхүүжилтийн сан (ОУБСС) гарын үсэг зурлаа.

Тус санхүүгийн түншлэлийн хүрээнд ОУБСС нь АХБ-ны 125 сая ам.долларын засгийн газрын зээлд салбар харгалзахгүй баталгаа гаргах бөгөөд эхний шатанд 50 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. ОУБСС нь 2023 онд бага дунд орлоготой орнуудад боловсрол, ур чадварыг дэмжих зорилгоор байгуулагдсан Швейцарын Засгийн газрын дэмжлэгтэй сан юм.

ОУБСС-ийн баталгааг зээл болгоны 10%-тай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжаар дамжуулан АХБ-ны үйл ажиллагаатай хослуулах энэхүү шинэ тохиролцоо нь зээлийн баталгааны хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, АХБ-ны зээлдэх хөрөнгийн хэмжээг өсгөхийн зэрэгцээ АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад зээлийн өртгийг бууруулах нөхцөлийг бий болгох юм.

"Боловсрол бол орчин үеийн, хөгжин дэвжсэн, хүртээмжтэй нийгмийн үндэс суурь юм. Бид ОУБСС-тай байгуулсан энэхүү түншлэлээ зарлаж байгаадаа баяртай байна. Хамтын хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй санхүүжилтийг хослуулсан энэхүү санаачлага нь манай бага дунд орлоготой хөгжиж буй гишүүн орнуудад боловсрол болон ур чадварын чиглэлийн хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх боломжийг олгосноор мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд нь чухал үүрэг гүйцэтгэх юм" гэж АХБ-ны Салбар, сэдвийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Ясмин хэлэв.

Боловсролын хямрал нүүрлээд буй бага дунд орлоготой орнуудад 10 нас хүрсэн сурагчдын 50-иас илүү хувь нь энгийн бичвэр унших чадваргүй байна. Түүнчлэн, их сургууль төгсөгчид ажлын байранд тэнцэхүйц ур чадвар эзэмшиж чадаагүй байгаагаас шалтгаалан ажил олгогчид сул орон тоогоо нөхөж чадахгүйд хүрээд байна.

Бага орлоготой орноос дундаж орлоготой орон руу шилжиж буй улс орнууд санхүүжилт байхгүй “дундын зааг”-т унах нь элбэг тохиолддог. Энэ үед буцалтгүй тусламж авах эрхгүй ч хөнгөлөлтгүй санхүүжилт авах боломж тааруу орнууд юунд хөрөнгө оруулах вэ гэдэг хүндхэн шийдвэртэй тулгардаг. Энэ асуудлыг дотоодын санхүүжилтийн хязгаарлагдмал байдал бүр дэвэргэдэг.

АХБ-ОУБСС-ийн түншлэлийн гол онцлог нь хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед боловсролын тогтолцоогоо бэхжүүлэх хүсэлтэй хөгжиж буй орнуудад хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж үзүүлэх замаар АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудыг цахим шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, хурдацтай хотжилт бүхий ирээдүйд бэлдэхэд нь туслах юм.

Канад, Швед болон Их Британи нь ОУБСС-ийн хандивлагч орнууд бөгөөд Атлассиан сан, Жейкобс сан, Портикус, Рокфеллер сан, Соросын Эдийн засгийн хөгжлийн сан (Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн хөрөнгө оруулалтын нэгж) гэсэн байгууллагууд анхны хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. ОУБСС нь өндөр зээлжих зэрэглэлтэй бөгөөд Ази, Номхон далай, Африкийн бүс нутгуудад олон талт хөгжлийн банкуудтай эхний байдлаар хамтран ажиллах юм.

ОУБСС-ийн Гүйцэтгэх захирал Картик Кришнан хэлсэн үгэндээ "Дэлхийн хүүхэд, залуучуудын бараг тэн хагас нь бага дунд орлоготой орнуудад амьдарч байна. Эдгээр орнуудад боловсрол, ур чадварын салбарт хөрөнгө оруулах нь эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжиж, дэлхийн эрүүл мэнд, уур амьсгал, эрх тэгш байдлын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй" гэжээ.

Мөн тэрээр "ОУБСС нь Их-20-ийн олон талт хөгжлийн банкуудын хөрөнгийн чадварын хүрээний дүгнэлтээр сүүлийн арван жилд гарсан хөгжлийн санхүүжилтийн хамгийн чухал инновацын нэгээр тодорсон бөгөөд уламжлалт тусламжаас долоо дахин илүү үр нөлөө үзүүлдэг. АХБ нь ОУБСС-ийн арга хэрэгслийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, манай анхны олон талт хөгжлийн банкны түншээр ажилласнаар Ази, Номхон далайн бүсэд ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих амлалтаа тууштай хэрэгжүүлж байгаагаа харуулж байна" гэлээ.

ОУБСС-ийн санхүүжилт авах боломжтой АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудад Бангладеш, Энэтхэг, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Шри Ланка, Тимор-Лесте, Узбекистан, Вьетнам улсууд орж байна.

ОУБСС-ийн санхүүжилттэй төслүүд нь сургуулийн өмнөх боловсролоос эхлээд ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн боловсрол, ур чадварын хөгжил, дээд боловсрол хүртэлх боловсролын бүхий л түвшинд АХБ-ны хөтөлбөрүүдийг дэмжих боломжтой.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact