fbpx ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ, ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТӨСЛҮҮДИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ | Asian Development Bank

ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ, ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТӨСЛҮҮДИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

News from Country Offices | 22 December 2016

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2016 оны 12-р сарын 22) — Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдлыг дэмжих, нийслэлийн гэр хороололд хямд өртөг бүхий ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх, Монгол улсын хойд бүсэд буюу Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилго бүхий, нийт 4.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих, гурван төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санхүүжилтийг Япон Улсын Засгийн газрын Ядуурлыг Бууруулах Японы Сан (ЯБЯС)-гаас олгож байгаа бөгөөд уг сангийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах, амьжиргааг дэмжих, байгаль хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр нийт 42 төсөл өнгөрөгч 17 жилийн туршид Монгол улсад хэрэгжсэн байна.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гэрээнд Сангийн сайд Чойжилсүрэн гарын үсэг зурсан бол АХБ-ыг төлөөлөн Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн гарын үсэг зурав. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч. Батсансар нар мөн гарын үсэг зурлаа.

Жендэрийн чиглэлээр хэрэгжих төсөл нь эдийн засгийн хөгжлийн голлох салбаруудын бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгахад чиглэх бөгөөд төслийн хүрээнд төв болон орон нутгийн захиргаа, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 1,400 гаруй төлөөллийг сургах юм. Мөн жендэрийн тэгш байдлын талаархи олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн шинэлэг кампанит ажил зохион байгуулна.

“Жендэрийн тэгш бус байдал нь эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад ноцтой саад бэрхшээл болдог” хэмээн Суурин төлөөлөгч Фернандез Ломмэн хэлээд “Жендэрийн тэгш байдлыг дэмжин, охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хангахад чухал хувь нэмэр оруулна” гэж онцлон тэмдэглэв.

ЯБЯС-гаас олгох санхүүжилт нь Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газарт (БЦГ) аялал жуулчлал, байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 4 жилийн хугацаатай төслийг боловсруулах ажлыг санхүүжүүлнэ. Мөнх цаст уулс болон Монгол улсын цэнгэг усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэнгэг усны 1 хувийг тус тус бүрдүүлдэг Хөвсгөл нуур, түүний ай савыг хамарсан, нийт 1 сая орчим гектар нутаг дэвсгэрийг эзэлдэг тус БЦГ нь хүмүүсийн хамгийн их олноор очдог газруудын нэг тул жуулчлалаас олох ашиг тус их хэдий ч хог хаягдал, бохир усны асуудал нуурын эко системд улам бүр сөргөөр нөлөөлж байна. Төслийн хүрээнд боловсруулагдах зураг төсөл, төлөвлөлт нь аялал жуулчлал, амьжиргаа, хамгааллын асуудлыг цогц бөгөөд тогтвортой хөгжлийн өнцгөөс авч үзэх бөгөөд цаашид бодитойгоор хэрэгжих үндэс суурь нь болох юм. Энэхүү төсөл нь орон нутгийн оролцоонд түшиглэсэн аялал жуулчлалыг Хөвсгөл нуурын орчимд хөгжүүлэх ЯБЯС-гийн санхүүжилтээр 2015 оноос хэрэгжиж буй төслийн залгамж болон хэрэгжих юм.

Буцалтгүй тусламжаар хэрэгжих гурав дахь төслийн хүрээнд Улаабаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хороололд хямд өртөг бүхий, сайжруулсан нүхэн жорлонг суурилуулах, гарсан хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, бордоо болгох зэрэг үйл ажиллагааг туршиж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын нийт хүн амын дөрөвний нэг нь (750,000 гаруй хүн ам) Улаанбаатар хотын гэр хороололд оршин сууж байна. Тэдний дийлэнх нь цэвэр, бохир усны сүлжээнд холбогдоогүйгээс эрүүл ахуйн нөхцөл тааруу, өвчлөл ихтэйн улмаас амьдралын чанар доогуур орчинд амьдарч байна. Тиймээс 1500 орчим өрхийн 6000 гаруй иргэдэд хүрч ажиллахыг төслийн зүгээс зорьж байна. Төсөл нь Улаанбаатар хотын нийтийн дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах чиглэлээр АХБ болон бусад хөгжлийн түнш байгууллагуудын зүгээс олон жилийн турш үзүүлж ирсэн дэмжлэгийн нэг хэсэг болоод зогсохгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хэсэгчилсэн шийдлийг орон даяар нэвтрүүлэн хэрэгжүүлэх загвар төсөл болох юм.

“Эдгээр төслүүд нь Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэд, тэр дундаа нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрхүүдэд тэгш боломж олгоход чиглэсэн АХБ-ны стратегийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн төслүүд юм” хэмээн Хатагтай Фернандез Ломмэн тэмдэглэв.

ЯБЯС нь 2000 оны 5 дугаар сард байгуулагдсан ба АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн урт хугацааны хөгжлийг дэмжих, нийгмийн хамгийн ядуу, эмзэг бүлгүүдийг дэмжихэд чиглэсэн төслүүдэд буцалтгүй тусламж олгодог. “ЯБЯС нь Монгол Улс, Япон Улсын Засгийн газар болон АХБ-ны хоорондын нягт хамтын ажиллагааны нэг илрэл юм” хэмээн Япон Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фукасава тэмдэглэлээ. Мөн тэрээр “Өнөөдөр гарын үсэг зурж буй эдгээр төслийг оролцуулаад ЯБЯС-гийн санхүүжилтээр Монгол улсад 2002 оноос эхлэн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг Япон Улсын Засгийн газар дэмжсээр ирсэн билээ” хэмээн онцлов.

Манил хотноо төвтэй АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, байгаль орчны хувьд даацтай тогтвортой өсөлт, бүсийн интеграцчилалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах чиглэлээр тууштай ажилладаг. 1966 онд байгуулагдсан АХБ нь тус бүсийн хөгжлийн түншлэлийн 50 жилийн ойгоо энэ сард тэмдэглэнэ. АХБ нь 67 гишүүн орноос бүрддэг бөгөөд эдгээрийн 48 нь тус бүс нутгийнх юм. 2015 онд тус банкнаас үзүүлсэн хөгжлийн нийт дэмжлэг 27.2 тэрбум ам. долларт хүрсэн бөгөөд үүний 10.7 тэрбум нь хамтын санхүүжилт хэлбэрээр хэрэгжсэн байна.