БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС, ХОНГ КОНГ (2019 оны 4 дүгээр сарын 3) — Азийн хөгжиж буй ихэнх улс орнуудын эдийн засаг өндөр өсөлттэй хэвээр байх ч дэлхийн хэмжээнд эрэлт удааширч, худалдааны хурцадмал байдал гаарснаас 2019 болон 2020 онд өсөлтийн хурд бага зэрэг удаашрах төлөвтэй байна хэмээн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.

АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв тайлангийн 2019 оны дугаарт бүс нутгийн эдийн засаг 2019 онд 5.7%, 2020 онд 5.6% өснө хэмээн таамаглажээ. Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 5.9% байв. Шинээр аж үйлдвэржсэн эдийн засаг болох БНХАУ-ын Хонг Конг, Өмнөд Солонгос, Сингапур болон БНХАУ-ын Тайпэйг хасаж тооцвол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2019 онд 6.2 хувиар, 2020 онд бага зэрэг удааширч 6.1 хувиар өснө хэмээн таамагласан байна. Энэхүү өсөлт 2018 онд 6.4 хувьтай байлаа.

“Бүс нутгийн ихэнх эдийн засгийн хувьд дотоод эрэлт нь өндөр эсвэл тэлж байгаа учраас өсөлт ерөнхийдөө тогтвортой хэвээр байна. Энэ нь экспорт буурсанаас үүдэх нөлөөг зөөлрүүлж байна” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлээд “Өсөлтийн төлөвийг бүдгэрүүлж буй тодорхой бус байдал хэвээр байна” хэмээн тэмдэглэв.

Америкийн Нэгдсэн Улс (АНУ) болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын хоорондох худалдааны сөргөлдөөн, цаашлаад дэлхийн худалдааны тодорхой бус байдлыг улам дэврээж буй сунжирсан хэлэлцээр нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөвт гол эрсдэл болсоор байна. Бусад эрсдэлд өндөр хөгжилтэй орнууд болон БНХАУ-ын эдийн засгийн огцом удаашрал болон санхүүгийн тогтворгүй байдлыг дурдаж болно.

АНУ-аас авч хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний хумих бодлого, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ) Европын холбооноос эмх замбараагүй гарахаар байгаа төлөв болон АНУ-БНХАУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөнийг харгалзан АХБ нь АНУ, Европын холбоо болон Япон Улсын нэгдсэн өсөлтийг энэ онд 1.9%, ирэх онд 1.6% болж буурна хэмээн таамаглалаа.

БНХАУ-ын эдийн засаг аж үйлдвэрээс үйлчилгээний салбар луу шилжих бүтцийн өөрчлөлтөд орж байгаа, мөн засгийн газраас нь санхүүгийн эрсдэлээ удирдах зорилгоор санхүүгийн хумих бодлого хэрэгжүүлж буй зэргийг харгалзан тус улсын эдийн засгийн өсөлтийг 2018 оны 6.6%-иас 2019 онд 6.3%, 2020 онд 6.1% болж удааширна хэмээн харж байна. БНХАУ-ын эдийн засаг боловсронгуй болох тусам өсөлт нь удаашрах хүлээлттэй байгаа юм.

Харин Энэтхэг улсын хувьд бодлогын хүү бага байгаагийн зэрэгцээ фермерүүдэд орлогын дэмжлэг үзүүлж байгаа нь дотоодын эрэлтэд түлхэц үзүүлж, өндөр хэрэглээ нь өсөлтийг дэмжсэнээр 2018 онд 7.0% байсан эдийн засгийн өсөлт 2019 онд 7.2%, 2020 онд 7.3% болж сайжрахаар байна. Өмнөд Азийн эдийн засаг бүхэлдээ бусад дэд бүсээс илүү өсөлттэй байхыг энэ жил 6.8%, ирэх жил 6.9% өсөх таамаглал дэвшүүлж буйгаас харж болно.

Номхон далайн дэд бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Папуа Шинэ Гвинейн шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэл 2018 оны газар хөдлөлтөөс эргэн сэргэж бүрэн хүчин чадлаараа ажиллах болсноор 2018 онд 0.9 хувьтай байсан тус дэд бүсийн өсөлт 2019 онд 3.5% болж сэргэх бөгөөд 2020 онд 3.2% болох төлөвтэй байна.

Төв Азийн эдийн засгийн хувьд ОХУ-ын өсөлт удааширснаас гадна газрын тосны үнэ буурсан нь дарамт учруулж байна. Тус бүс нутгийн өсөлт энэ жил болон ирэх жилд 4.2% болж удаашрах төлөвтэй.

Инфляци бага хэвээр байна. Хүнсний болон шатахууны үнэ тогтвортой байснаар 2019, 2020 онд нийт инфляци 2.5 хувьд тогтвортой байна гэж тайланд дурьджээ.

Азийн хөгжиж буй орнуудад валютын ханш 2018 оны сүүлээр тодорхой хэмжээгээр чангарсан. Гэсэн ч Азийн хөгжлийн төлөвийг бэлтгэх суурь судалгаанд валютын ханшийн хэлбэлзэл нь ялангуяа ам.доллараар илэрхийлэгдсэн өрөөс хамааралтай улсуудын хувьд тулгамдсан асуудал болж магадгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Мөнгөний болон макро зохистой бодлого хэрэгжүүлж, бүс нутгийн бодлогын яриа хэлэлцээр мөн дотоодын хөрөнгийн зах зээлийг сайжруулснаар гадаад санхүүжилт хумигдахаас үүсэх сөрөг нөлөөллөөс зайлсхийх боломжтой юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact