ЯПОН УЛС, ТОКИО ХОТ (2019 оны 11 дүгээр сарын 13) — Aзи, Номхон далайн улс орнууд ахмад настнуудын эрүүл мэндийг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрлөх насыг уртасгах болон ажлын байранд зуучлах зэрэгт чиглэсэн технологи хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэн хүн амын насжилтыг эдийн засгийн хөдөлгүүр болгох боломжтой хэмээн Азийн хөгжлийн банк (АХБ)-ны шинэхэн тайланд дурджээ.

Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа болон интегралчлалын ахиц дэвшилд дүн шинжилгээ хийн, “2019, 2020 оны Aзийн эдийн засгийн интегралчлал: Хүн ам зүйн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж ба технологийн үүрэг оролцоотайланд танилцуулжээ. Мөн тус тайланд насжилт өндөр орнуудад хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологи ямар үүрэг гүйцэтгэж болох тухай тусгай бүлэг орсон байна.

“Ази, Номхон далайн бүс нутаг дахь хүн амын насжилтын явцыг ухраах аргагүй. Гэхдээ засгийн газрууд энэ чиг хандлагыг ашиг орлогын эх үүсвэр болгох боломжтой. Өнөөгийн өндөр настнууд өмнөх үетэй харьцуулахад илүү эрүүл чийрэг, өндөр боловсролтой болсон. Технологийн зөв бодлого хэрэгжүүлснээр хөдөлмөрлөх насыг уртасган, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж болно” хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагч ноён Ясуюки Савада онцоллоо.

Ази, Номхон далайн улс орнуудын хүн амын эрүүл, идэвхтэй дундаж наслалт 1990-ээс 2017 оны хооронд 57.2-оос 63.8 хүртэл буюу 7 орчим жилээр уртассан. Үүний зэрэгцээ 55-64 насныхны боловсролд зарцуулсан дундаж хугацаа 1990 онд 4.6 жил байсан бол 2015 онд 7.8 жил болсон байна.

Ямар төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тухайн улсын хүн амын насжилт, боловсролын түвшний онцлогоос хамаарах бөгөөд улс орнуудыг ерөнхийд нь хурдан эсвэл удаан насжилттай, дундаас дээш эсвэл доогуур боловсролтой гэсэн 4 төрөлд ангилж болно.

Хүн амын насжилт хурдацтай явагдаж буй дундаас дээш боловсролтой улс орнуудын хувьд өдөр тутмын хэвшмэл ажил хийх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор автоматжуулалт болон хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх технологи нэвтрүүлэх нь зүйтэй. Харин насжилтын явц удаан, дундаас доогуур боловсролтой хүн ам давамгайлсан орнуудад залуучуудын чанартай боловсрол эзэмшихэд туслах боловсролын технологийн шийдлүүдийг тэргүүнд тавибал зохино.

Аливаа улсын хүн амын насжилт, боловсролын түвшнээс үл хамааран, насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх, ахимаг настай иргэд ажиллахад таатай ажлын байр болон орчин нөхцөл бүрдүүлэх технологийн шийдлийг нэвтрүүлэх замаар боловсрол, ур чадварын сургалтыг тогтолцоог шинэчлэхийг энэхүү нийтлэлд уриалжээ. Хөдөлмөрийн зах зээл, нийгмийн даатгал, татварын тогтолцоонд шинэчлэл хийснээр ахмад настнууд үргэлжлэн хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх ба капитал, ажиллах хүч, технологийн хил дамнасан хөдөлгөөнийг хөнгөвчлөх бодлого хэрэгжүүлэх нь хүн ам зүйн шилжилт, технологийн хөгжлийн өөр өөр шатанд яваа улс орнууд шинэ нөхцөлд дасан зохицоход дэмжлэг болно.

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа нь дэлхийн худалдааны хурцадмал байдлын нөлөөнөөс тодорхой хэмжээнд хамгаалж байна хэмээн тайланд онцолжээ. 2017 оны өгөгдөлд суурилсан Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагаа ба интегралчлалын индексээс харахад дэд бүтэц ба зам харилцаанд хамгийн өндөр ахиц дэвшил гарсан боловч мөнгө, санхүүгийн үзүүлэлт унаснаар бүсийн хамтын ажиллагааны ерөнхий түвшин буурсан байна. Ази тивдээ Зүүн болон Зүүн Өмнөд Ази хамгийн ихээр интегралчлалд орсон бол Төв Ази болон Өмнөд Азийн бүс дунджаас доогуур үзүүлэлттэй байна.

Ази, Номхон далайн бүсийн худалдааны эргэлт дэлхийн эдийн засгийн өсөлтийн саарлыг даган 2019 онд буурах төлөвтэй байна. Тус бүс нутгийн нийт худалдаа 2018 онд дэлхийн худалдааны эргэлтийн ихэнх хувь буюу 57.5 хувийг эзэлж байгаа нь 2012-2017 онуудын дундаж үзүүлэлт болох 56.3 хувиас өссөн үзүүлэлт юм. 2018 онд Ази тивийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох-гарах урсгал өссөн ба өнгөрсөн онд гадаад гуйвуулгын хэмжээ 302.1 тэрбум ам.доллар хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact