Филиппин УЛС, МАНИЛА ХОТ (2021 оны 9 дүгээр сарын 22) — Ази, Номхон далайн бүс нутаг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас сэргэж буй энэ үед бүс нутгийн улс орнууд хөдөө аж ахуйн салбараа орчин үеийн, уур амьсгалд тэсвэртэй, хүртээмжтэй болгон эрс шинэчлэл хийх шаардлагатай байна хэмээн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.

Ази тивийн ядуу иргэдийн 76% нь хөдөө орон нутагт аж төрдөг тул хөдөө аж ахуйн бүтээмж, орлогыг нэмэгдүүлэх нь ядууралтай тэмцэх гол түлхүүр болохыг өнөөдөр танилцуулсан “Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2021” тайлангийн тусгай бүлэгт дурджээ. АХБ-наас эрхлэн гаргадаг эдийн засгийн голлох тайлангийн энэ удаагийн дугаарт хүнсний аюулгүй байдал болон эдийн засгийн тасралтгүй хөгжлийг хангахын тулд технологи, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, инноваци, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлийг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэхийг засгийн газруудад уриалсан байна.

Энэхүү тайланд дурдсанаар, Азийн хөгжиж буй орнуудад 75-80 сая хүн КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр нэн ядууралд шинээр нэрвэгдсэн бөгөөд энэ нь хүнсний аюулгүй байдлыг маш ихээр алдагдуулж байна. Дэлхийн хэмжээнд өлсгөлөн энэ жил 34 орчим хувиар нэмэгдэнэ гэж Америкийн Нэгдсэн Улсын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан үнэлгээнд дурджээ. Дэлхий даяар хоол хүнсний хомсдолд 291 сая хүн нэмэгдэн орсноос 72% нь Азид, тэр дундаа Бангладеш, Энэтхэг, Индонез болон Пакистан Улсад байна.

“Хөдөө аж ахуйн салбар нь сүүлийн хэдэн арван жил Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлтийг дэмжиж ирсэн боловч КОВИД-19, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг олон бэрхшээл гарч ирснээр тус салбарыг эрс шинэчилж өөрчлөх шаардлага үүсч байна” хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагчийн үүрэг гүйцэтгэгч Жозеф Звеглич Жуниор хэлээд “Ард иргэдийг идэх хоолтой байлгаж, бүс нутгийн сэргэлт, тогтвортой хөгжлийг хамгаалахад хөдөө аж ахуйн шинэчлэлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал юм” хэмээн тэмдэглэв.

Цар тахлаас гадна Ази тивийн хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй бас нэгэн том сорилт нь уур амьсгалын өөрчлөлт юм. Уур амьсгалын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэж буй нь ургацын гарц, салбарын тогтвортой байдалд аюул учруулж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, Ази тив 2008-2018 онд байгалийн гамшгаас шалтгаалж 207 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний мал аж ахуйн бүтээгдэхүүний болон ургацын алдагдал хүлээсэн нь дэлхий дахинд учирсан нийт хохирлын 74 хувийг эзэлж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд цаг агаарын эрс өөрчлөлт, гамшгийг эрт зарлан мэдээлэх систем, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуйн дэд бүтэц болон үйлдвэрлэл, орлогод нийцсэн ургацын даатгал зэрэг олон шийдлийг төрийн бодлогоор дэмжих боломжтой юм.

Хурдацтай явагдаж буй хотжилтын ферм эрхлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжид үзүүлж буй сөрөг нөлөө, өсөн нэмэгдэж буй махны эрэлт зэрэг хүнсний хэрэглээний өөрчлөлт, хоцрогдсон дэд бүтэц, ялангуяа усан хангамж, усалгааны менежментийн хуучирсан дэд бүтэц, төрөөс дэмжлэг үзүүлэх хоцрогдмол арга хэрэгсэл зэрэг нь тус салбарт шийдэх шаардлагатай бусад сорилтууд юм.

Загасны аж ахуй, дижитал технологи зэрэгт гарч буй хөгжил нь Ази, Номхон далайн орнуудын хөдөө аж ахуйд эерэг өөрчлөлт дагуулах боломжтой юм. Загасны аж ахуй нь өдгөө дэлхийн загасны үйлдвэрлэлийн тал орчим хувийг эзэлж байгаа бөгөөд улам хурдацтай хөгжиж байна. Загасны аж ахуйн үйлдвэрлэлийн 90 орчим хувийг Ази тив эзэлдэг. Үүний зэрэгцээ дижитал технологи, түүний дотор гар утас, аппликейшн нь бүс нутгийн 350 сая жижиг ферм эрхлэгчдийн техникийн мэдлэгийг дээшлүүлж, шинэлэг туршлагыг нэвтрүүлэн, зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахад нь тусална.

Төрийн бодлогын хувьд үйлдвэрлэлийг дэмжиж ирсэн уламжлалт байдлаас татгалзах ёстой гэж тус тайланд дурджээ. Түүний оронд судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн ажилд хөрөнгө оруулах, инновацийг хөхиүлэн дэмжих, зах зээлд суурилсан хөгжлийг эрэлхийлэхэд илүү их анхаарал хандуулах нь зүйтэй. Үүний зэрэгцээ төрөөс фермийн ажилчид, тэр дундаа шилжин суурьшигчид болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж байж энэ салбарын шинэчлэлийн үр өгөөжийг хүн бүрт тэгш хүртээх боломжтой болох юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Media Contact