2021-2024 онд АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн шинэ стратегийн хүрээнд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад урт хугацаандаа хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжих АХБ-ны үйл ажиллагаа нь (i) хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломж, (ii) уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, (iii) ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжил хэмээх стратегийн гурван тэргүүлэх чиглэлийг баримтлах юм. Энэхүү шинэ түншлэлийн стратеги нь эдийн засгийг сэргээн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар КОВИД-19 цар тахлыг даван туулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох зорилго бүхий Монгол Улсын Алсын хараа-2050 ба Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан болно.

Transcript

ТЕКСТ:

2021 онд Монгол Улс, Азийн Хөгжлийн Банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож байна.

Энэ хугацаанд Монгол Улс орчин цагийн, зах зээлийн эдийн засагтай улс болон хөгжих замналдаа АХБ-ны дэмжлэгтэйгээр ихээхэн ахиц дэвшил гаргаад байна.

Харамсалтай нь КОВИД-19 цар тахал энэхүү хөгжил дэвшлийг хойш нь татаж, ажилгүйдэл болон ядуурлыг нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэнд, элэг бүтэн амьдралд аюул учруулж, эрүүл мэндийн тогтолцоонд ихээхэн дарамт үзүүлээд байна.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран:

Хямралыг даван гарч, хөгжлийн замналаа эргэн сэргээхийн тулд Mонгол Улс юуны түрүүнд зорилтот хүн амаа бүрэн дархлаажуулж, эрүүл мэндийн салбар дахь цогц хариу арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Харин урт хугацаандаа байгалийн нөөц ба эрдэс баялгийн хэт хамаарлыг бууруулж, эдийн засгаа төрөлжүүлэхийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбаруудаа бэхжүүлж, иргэн бүр, тэр дундаа эмэгтэйчүүд, залуyчууд, нийгмийн бусад эмзэг бүлгийнхэн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг, хөгжлийн үр өгөөжийг эргээд хүртдэг байхад анхаарах нь зүйтэй.

ТЕКСТ:

2021-2024 онд АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хүрээнд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад урт хугацаандаа хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт, бодлогын шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ чадавх бэхжүүлэх, мэдлэг солилцох үйл ажиллагаанд анхаарна.

Ирэх дөрвөн жилийн хугацаанд АХБ дараах гурван тэргүүлэх чиглэлийг баримтална. 

  • Хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжуудыг хөхиүлэн дэмжих;
  • Эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг бүтээн байгуулах;
  • Ногоон хөгжлийг цогцлоох замаар эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах.

Эдгээр тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд дараах таван сэдэвчилсэн асуудлыг чухалчилна.

  • Жендэрийн тэгш байдал
  • Цахим шилжилт
  • Хувийн хэвшлийн оролцоо ба Төр-хувийн хэвшлийн түншлэл
  • Институцийн чадавх ба засаглал
  • Иргэний нийгмийн оролцоо

Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б. Цолмон:

АХБ нь хөгжлийн тогтвортой, үр нөлөө үзүүлэх чадвартай, цөөн тооны, томоохон цар хүрээтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарна.

Тухайлбал, боловсролын салбар дахь үйл ажиллагаа нь ажиллагсдын ур чадварын хөгжил ба техник, мэргэжлийн боловсрол сургалтанд төвлөрнө. Түүнчлэн, КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан бага, дунд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана.

Тээврийн салбарт автозам ба төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, суурин газруудын дэд бүтцээр холбогдсон байдал болон тухайн дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулна.

АХБ-ны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий:

Түүнчлэн, хөдөө аж ахуй, байгалийн баялаг ба хөдөөгийн хөгжлийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ уур амьсгалд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зорилтыг нэн тэргүүнд тавина.

Бид жижиг хот суурингуудыг хөдөө орон нутгийн алслагдмал сум, суурин газруудтай холбоход чиглэсэн ажлаа эрчимжүүлэх бөгөөд ингэхдээ Монгол Улсын баруун бүсээс эхлэхээр төлөвлөсөн.

Үүний зэрэгцээ АХБ-наас макро эдийн засгийн шинэчлэлийг дэмжих зорилгоор бодлогод суурилсан зээл олгохын сацуу жендэрийн тэгш байдлыг хангахад зориулж буцалтгүй тусламж үзүүлэн, төрийн үйлчилгээний чанар ба хүртээмжийг нэмэгдүүлэх, цахимжуулахад чиглэсэн зээлийн санхүүжилт олгох юм.

ТЕКСТ:

АХБ нь Монгол Улсын хамгийн том хөгжлийн түншийн хувьд хуримтлуулсан арвин туршлагадaa тулгуурлан үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хөгжлийн түнш байгууллагуудын уялдаа холбоог бататгах ажилд манлайлан оролцох болно.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран

Бид өмнөх амжилтандаа тулгуурлан инновацийг дэмжих хамтарсан санхүүжилтийг татан төвлөрүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахдаа эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарт урт хугацааны үр нөлөөтэй шинэчлэлийг хийхэд анхаарч ажиллах болно.

SHARE THIS PAGE