fbpx Амжилтын төлөө хамтдаа: Мэдлэг ба түншлэлээс үр дүн рүү | Asian Development Bank

Амжилтын төлөө хамтдаа: Мэдлэг ба түншлэлээс үр дүн рүү

Publication | April 2015
Амжилтын төлөө хамтдаа: Мэдлэг ба түншлэлээс үр дүн рүү

АХБ, засгийн газрууд, хувь хүмүүс болон байгууллагууд тогтвортой, оролцоог хангасан хөгжлийн үр дүнд хэрхэн хүрч, мэдлэг, инноваци, хамтын ажиллагааг хослуулан, АХБ-ны алсын харааг амьдралд хэрэгжүүлж байгааг та бүхэнд танилцуулж байна.

АХБ-ны төслүүд цар хүрээгээрээ харилцан адилгүй ч, банк болон түүний түншүүд тухай бүрт нь шинэлэг, зарим үед ихээхэн зоримог шийдлүүдийг эрэлхийлж, хөгжиж буй гишүүн улс орнуудад тулгарч буй сорилтуудтай тэмцэж байна. Мөнгө дангаараа асуудлыг шийдвэрлэдэггүй; хөгжлийн хамгийн сайн үр нөлөөг бий болгохын тулд хөрөнгө санхүүг мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дайчилсан түншлэлтэй зайлшгүй хослуулах шаардлагатай. Ингэсний үр дагавар нь зарим тохиолдолд бүхэл бүтэн тогтолцооны өөрчлөлт байдаг.

Тухайлбал, Папуа Шинэ Гвиней (ПШГ)-н алслагдсан зүүн өндөрлөг нутагт кофе тарин амьжиргаагаа залгуулдаг бэлэвсэн эмэгтэй өдгөө насан туршдаа хадгалсан мөнгөө зуухны үнсэнд нуух шаардлагагүй болжээ. Тэрээр 15 жилийн өмнө ямар ч санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй байсан, ПШГ-ийн 5 сая хүн амын 95 хувийг бүрдүүлэгч хэсгийн төлөөлөл юм. Өнөөдөр, тэр эмэгтэй банкны дансны эзэмшигч болсон бөгөөд хадгаламж хуримтлуулах, ирээдүйгээ баталгаажуулахад хэрэгтэй бичил зээл авах боломж түүнд нээгдсэн.

Бангладеш, Энэтхэгийн гурван сая гаруй хүн илүү аюулгүй, илүү эрүүл аж төрдөг боллоо. АХБ-ны хоёр төслийн дүнд хүн амын нягтрал өндөртэй суурин газруудын ядуу оршин суугчдын амьдрах орчинг сайжруулсан, хотын засаглал, хөгжлийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлжээ.

Монгол Улсад, АХБ-ны дэмжлэгтэй төслийн хүрээнд заах, сурахуйн шинэлэг аргачлалыг нэвтрүүлснээр сургуулийн боловсролд хамрагдах хувь хэмжээ нэмэгдэж, сургууль завсардалт буурчээ. 

Тус төсөл нь 68 бага болон ерөнхий боловсролын сургуулийг шинэчилж, тодорхой хичээлээр загвар сургууль болж хөгжих, шилдэг туршлагаа бусдад түгээх, улс орон даяарх нийт сургуулиудын стандартыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чадвартай болоход нь тусалсан байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад олон талт хамтын ажиллагааны үр дүнд, АХБ-ны дэмжлэгтэй Сяогушаний усан цахилгаан станц Хятадад анх удаа Цэвэр хөгжлийн механизмын хүрээнд карбон кредитын төлбөрийг авчээ. Сяогушань болон АХБ-ны санхүүжүүлсэн өөр хоёр усан цахилгаан станц, нүүрс шатааж агаар мандлыг бохирдуулах байгууламжуудыг орлон, карбон кредитээ борлуулж, 2013 оны байдлаар нийт 28 сая ам.долларын орлогыг төвлөрүүлжээ.

Пакистан Улсад 2005 оны 10 сарын 8-д тохиосон 7.6 магнитудын газар хөдлөлтийн дараахан АХБ-аас Пакистаны газар хөдлөлтийн санг байгуулж, зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хөгжлийн бусад түнш байгууллагаас татан төвлөрүүлсэн. Энэ нь газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын үйл ажиллагааны түүхэнд хамгийн амжилттай, хамгийн шуурхай гүйцэтгэлтэй ажил болжээ.

Тажикистаны олон ард иргэдийн хувьд, тус улсын нийслэл хот Душанбег Киргизийн хилтэй холбосон замын төсөл хэрэгжсэнээр амьдралын чанар илт дээшилсэн аж. АХБ-ны төслийн үр дүнд, аяллын хугацаа ихээхэн богиносч, эмнэлгийн үйлчилгээг хүртэхэд хялбар болж, дотоод гадаадын худалдаа идэвхжсэн.

Камбож, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ), Вьетнамд хэрэгжсэн Меконг мөрний сав газрын дэд бүсийн аялал жуулчлалын төсөл, оршин суугчдад түшиглэн Меконг мөрний үр өгөөж, бусад байгалийн баялгийн ашиглалтыг зөв зохистой хөгжүүлэх нь ард иргэдийн амьжиргаанд бүх талын эерэг нөлөө үзүүлдгийг харууллаа.

БНАЛАУ-д, бага орлоготой тариачид, гар урчууд шинэ зах зээлээс хэрхэн үр өгөөж хүртэж болох арга замыг төслийн хүрээнд боловсруулжээ.

Харин Непалд, эмэгтэйчүүд болон нийгмийн гадуурхагддаг бүлгүүдийн төлөөллийг усан хангамж, ариун цэврийн байгууламжийн төслийн төлөвлөлтөд хамруулсан бөгөөд төслийн үр өгөөжийг 90 гаруй мянган айл өрх хүртээд байна.

Амжилтын төлөө хамтдаа нийтлэлийн тухай

 “Амжилтын төлөө хамтдаа” нийтлэлийг АХБ, хөгжиж буй гишүүн орнуудтайгаа хамтран туурвисан бөгөөд 2014 оны Хөгжлийн үр дүнгийн үнэлгээний тайланг дагалдсан бүтээл болно.

Төслийн үр дүн, танилцуулгыг эндээс уншина уу

Contents 

  • Түнш ба хамтрагчдын жагсаалт
  • Өмнөтгөл
  • Оршил
  • Жижиг бизнесүүдэд өгсөн том түлхэц
  • Орон нутгийн хувьсал, оршихуйн өөрчлөлт
  • Цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжсэн нь
  • Амин чухал экосистемийг аварсан нь
  • Амь зуух төдий оршихуйгаас хөгжин цэцэглэх амьдрал руу
  • Заах, сурайхуйн шинэчлэл
  • Усаар арилсан саад хориг
  • Хуучнаас нь сайжруулсан сэргээн босголт
  • Боломжгүйчүүдэд банкны үйлчилгээг хүргэсэн нь
  • Олны аялах зам
  • Орчин үеийн анагаах ухааны авралт ач тус
  • Дүгнэлт