УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС – Намхайн Базарсад орой бүр хашаан дахь модон жорлондоо орж, өглөөдөө ус түгээх цэг рүү гэлдэрнэ. “Би ч энэ амьдралдаа бараг дасчихаж дээ” хэмээн хүүрнэх Базарсад 25 жилийн өмнө хотод ирсэн цагаасаа хойш энэ л хэмнэлээр амьдарчээ.

Харин агаарт нь л дасч чадахгүй байгаа гэнэ. Монгол Улсын хурдацтай тэлж буй нийслэл Улаанбаатар хот голын хөндийд орших нь нүд баясам сайхан. Гэвч энэ тогтцоос болж замын тоосжилт, нүүрс түлэх мянга мянган айлын зуухнаас болон машин тэрэг, хуучны цахилгаан станцуудаас гарах утаа энд хургах болжээ. Өвлийн ид хүйтэнд амьжиргаа дорой өрхүүд дулаацахын тулд хог, хуучин дугуйны хаймар гээд юу олдсоноо л түлдгээс хотыг нөмрөх өтгөн хар утаа сарних нь ховор...

Агаарын хэм буурах үеэр агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зөвлөсөн хүлцэх хэмжээнээс дунджаар 20 дахин, зарим өдрүүдэд 80 дахин өндөр байгаа нь Улаанбаатарыг өвлийн улиралд дэлхийн хамгийн бохир агаартай хот болгож байна.  2013 онд тус хотод бүртгэгдсэн нийт нас баралтын 10 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй болохыг судалгаагаар тогтоожээ.  

“Утаа улам дордож байна” гэж харуулын алба хашдаг байсан 65 настай Базарсад өгүүлээд “Шөнөдөө урдах замаа харах боломжгүй өтгөн утаатай болдог. Уушиг маш их муудаж байна” хэмээн хүүрнэв.

Дэд бүтцэд үл холбогдсон нь

Азийн хурдацтай хөгжиж буй хотуудын адилаар Улаанбаатар хотод бохирдол, дэд бүтэц, орон сууцны хангамжтай холбоотой олон асуудал тулгарсаар байна. Түүнчлэн, эрс тэс уур амьсгал, нийгэм-эдийн засгийн хурдацтай хувьсах өөрчлөлт зэрэг нь илүү өвөрмөц сорилыг бий болгож байгаа юм.  Улаанбаатар хот хүрээгээ улам бүр тэлэх ядуу захын хорооллууд болон илүү чинээлэг хэдий ч ихэнх ажлын байр, үйлчилгээ төвлөрснөөс улам бүр шамбаарах болсон төв хэсэг гэсэн үндсэндээ хоёр өөр хот болон хуваагдах төлөвтэй болжээ.

Хотыг тойрох уулсын хормойг бүрхсэн зуу гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эзлэн орших гэр хороололд модон байшингууд болон монгол гэр голдуу байдаг. Сүүлийн 30 орчим жилийн туршид хаяагаа тэлсээр ирсэн “гэр хороолол” хэмээх энэхүү суурьшлын бүсэд хөдөө орон нутгаас, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр давтамж нь нэмэгдсэн ган, зуднаар амьжиргаагаа алдсан малчид, амьжиргааны түвшин доогуур иргэд шилжин суурьших нь элбэг.

Өнөөдрийн байдлаар 840,000 хүн буюу нийслэл хотын хүн амын тэн хагас нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотын хүн ам 2007 оноос хойш 30 хувиар өссөн нь голлон гэр хорооллын хүн амын өсөлтөөр тайлбарлагдах бөгөөд 2025 он гэхэд хүн ам нь 1.9 саяд хүрэх төлөвтэй аж.

Гэтэл хотын дэд бүтэц ачааллаа дийлэхээ больжээ. Гэр хороололд хатуу хучилттай зам цөөн. Тэнд ихэнх барилга, байшин ариутгах татуургын шугамд холбогдоогүй тул иргэд халдварт өвчний тархалт болон хөрсний бохирдлын гол эх үүсвэр болсон энгийн нүхэн жорлонг ашигладаг. Ихэнх өрхүүдийн хувьд цахилгаан хангамж тогтвортой бус, цэвэр усыг зөвхөн нийтийн ус түгээх цэгүүдээс л авах боломжтой байдаг. Өвлийн улиралд агаарын хэм хасах 40 хүрдэг атал төвлөрсөн дулаан хангамж энд хангалтгүй хэвээр.

Хувийн хэвшлийхэн суурьшлын энэ бүсээс дөлөх тул бизнесийн боломж, ажлын байр туйлын хомс.

“Тэнд бүх юм дутагдаж байна. Суурьшлын энэ бүс нь наад захын дэд бүтэц, нийтийн байгууламжуудаас, цаашлаад хотын эдийн засгаас хол тасраад байна” хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арно Хекман хэлэв.

Шинэ хотын зураглал

“Хотын төвд байгаа бүхэн тэнд бий болох болно.”

Пүрэвээгийн Баярхүү

Нийслэлийн Засаг даргын орлогч П. Баярхүү хотын ирээдүйг их өөрөөр хардаг аж. Тэрээр дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хариуцдаг бөгөөд гэр хорооллыг сайн дэд бүтэц, үйлчилгээ, орон сууцны хангамжтай болгохыг туйлын их хүсдэг гэв.

Гэр хороолол хэмжээний хувьд нүсэр том байдаг бөгөөд нэгэнт суурьшин тогтсон тул айл өрхийг нүүлгэн шилжүүлэх нь боломжгүй хувилбар юм. Тиймээс хотын бусад хэсэгтэй нэгтгэн хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өндрөөс болоод ихэнхи иргэд нь орон сууц авч чаддаггүй, мөн хот байгуулалтын туршлага багатай Монгол улсын хувьд энэ нь амаргүй зорилт байж болох юм.

Илүү сайн төлөвлөлттэй болсон хотын тэр хэсэгт авто зам сайжраад зогсохгүй усан бассейн, цэнгэлдэх хүрээлэн, зоогийн газар, өндөр сайхан зочид буудал олноор бий болно хэмээн төсөөлөх Баярхүү дарга “Би ирээдүйг их гэгээлгээр харж байна. Хотын төвд байгаа бүхэн тэнд цогцлох болно” гэж итгэлтэйгээр хэллээ.

Энэ хувьсал өөрчлөлт бодитой хэрэгжих эсэхийг ажлын байр тодорхойлох болно. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахуйц суурь дэд бүтцийг хөгжүүлэх нь ажлын байрыг бий болгоход ихээхэн ач холбогдолтой юм.

Хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах нь

Хотын инженерийн дэд бүтцийг сайжруулахад түлхэц болох зорилгоор Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр үе шат хэрэгжиж эхэлсэн бөгөөд гэр хороолол доторх захиргааны болон бизнесийн зангилаа дэд төвүүдийг шинэчлэн сайжруулж эхэлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд дулаан хангамжийн байгууламж болон дамжуулах сүлжээ, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, зам, гүүр, усан сан зэрэг нэн чухал дэд бүтцийг төдийгүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт бүхий бизнес инкубаторууд зэргийг барьж байгуулна. 320 сая ам.долларын өртөг бүхий энэхүү хөтөлбөр нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 164 сая ам.долларын зээлийн санхүүжилт, Улаанбаатар хотын төсвөөс гарах 96 сая ам.долларын дотоодын санхүүжилт, мөн Европын хөрөнгө оруулалтын банкны 60 сая ам.долларын хамтарсан санхүүжилт зэргээс бүрдэх юм.

Үйлчилгээ, ажлын байр илүү хүртээмжтэй болсноор 200 гаруй мянган өрх уг хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалтын үр шимийг хүртэнэ. 2024 он гэхэд зорилтот суурьшлын бүсийн нийт хүн амын тэн хагаст ус, дулаан хангамж, ариутгах татуургын хүртээмжийг бодитойгоор сайжруулж, хотын ядуурлын түвшинг 2028 он гэхэд 30 хувиар бууруулах зорилтод тодорхой хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байгаа ажээ.

“Монголын хувьд хот төлөвлөлт нь харьцангуй шинэ ойлголт юм. Өмнө хийсэн алдаагаа давтахгүй байх боломжийг энэхүү төсөл олгох болно.”

Наянбаатарын Болороо

“Одоо байгаа дэд бүтцийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж байна” гэж Улаанбаатарт хэрэгжиж буй төслийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Болороо хэлээд “Монголын хувьд хот төлөвлөлт нь харьцангуй шинэ ойлголт юм. Өмнө хийсэн алдаагаа давтахгүй байх боломжийг энэхүү төсөл олгох болно” хэмээн тэмдэглэв.

АХБ-ны санхүүжилттэй өөр нэгэн төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй 10,000 айлын орон сууцыг барьж, гэр хорооллыг эко хороолол болгон хөгжүүлэх ажлуудыг хийснээр орон сууцны хангамжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Хамгийн чухал нь, баригдах орон сууцнууд нь Уур амьсгалын ногоон сангаас олгож буй 50 сая ам.долларын буцалтгүй тусламж болон 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ачаар үнэ өртгийн хувьд иргэдийн орлогод нийцсэн байх ажээ. Уг санхүүжилтийг мөн АХБ-наас захиран зарцуулах юм байна. Орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл нэртэй энэхүү төслийн хүрээнд АХБ-наас олгох 83 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгийг барилгын өртгийг бууруулах болон зах зээлээс доогуур хүүтэй орон сууцны зээл олгоход зарцуулах юм байна.

Жижиг бизнесийг хөшүүрэгдэж ажлын байрыг бий болгох нь

Газрын үнэлгээ өсч, үйлчилгээний чанар сайжрахын хэрээр амьдрах өртөг улам бүр өсөх тул иргэд амьжиргаагаа залгуулахын тулд илүү орлого олох шаардлагатай болно.

Тиймээс төслийн хэтийн зорилго нь хөрөнгө нөөц дутагдалтай дэд төвүүдийг бизнесийн идэвхжил бүхий газар болгоход оршино. Базарсадын гэрээс холгүй орших Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох дэд бүтцийг одоо тавьж байгаа бөгөөд тун удахгүй түүний хөршүүд төвлөрсөн дулаанд анх удаа холбогдох юм.

Энэ үйл явдал нь Гаанжууржавын Энхбаяр шиг жижиг бизнес эрхлэгчдийн амьдралыг өөрчлөх болно. Төмөр хайс хийдэг бизнесээ өвлийн улиралд хаахад хүрдэг тэрээр “Би дөрвөн хүнийг ажлын байраар хангадаг, даанч өвлийн улиралд ажиллахад хэт хүйтэн байдаг учраас тэд ажилгүй болдог” хэмээн өгүүлээд “Дулаанд холбогдвол бид өвөлжингөө ажиллаж чадна” гэлээ.

Тэнд мөн хүүхдийн цэцэрлэг, жижиг бизнесүүдэд сургалт явуулах бизнес инкубатор байгуулагдах юм.

“Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн байхад хувийн болон төсвийн хөрөнгө оруулалтыг татаж, цэцэглэн хөгжих таатай орчин бүрдэнэ” хэмээн дэд бүтцийн болон орон сууцны төслүүдийг удирдаж буй Арно Хекман хэлээд “Гэр хороолол бол асуудал биш боломж юм гэдгийг бид харуулахыг хүсч байна” гэв.

Агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх нь туйлын чухал. Гэр дотроо ч Баасансүрэнгийн Намуунцэцэг агаарын бохирдлыг биеэр мэдэрнэ. Гэрийнхээ хуучин зууханд тааруухан чанарын нүүрс түлэхэд гэр орон дулаацах хэдий ч нарийн тоосонцор гэрээр нь дүүрнэ. “Сүүлийн арван жилд амьдралын нөхцөл байдал эрс муудсан” гэж тэрээр хэлээд “Манайх гурван хүүхэдтэй, тэд байнга ханиалгадаг” гэв. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар, агаарын бохирдлоос шалтгаалан дэлхий даяар нийт 7 сая хүн жил тутам нас бардгийн дийлэнхи нь хөгжиж буй орнуудад байна. Маш их бохирдолтой газруудад ажиллаж амьдардаг ч шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй ядуусын боломж бололцоог боомилж буй агаарын бохирдол нь нийгмийн тэгш бус байдлыг улам бүр даамжруулж байна. Агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судасны болон амьсгалын замын өвчлөлд хүүхэд, хөгшид хамгийн их өртөмтгий байдаг.

Мянганы сорилын сангаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэх эдийн засгийн хор хохирол Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүний боломжит дүнгийн 18-28 хувьтай, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний боломжит дүнгийн 8-13 хувьтай тэнцэж байгааг тогтоожээ.

“Гэр хороолол бол асуудал биш боломж юм гэдгийг бид харуулахыг хүсэж байна.”

Арно Хекман

Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэх нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд, ахиц дэвшил ч гарч эхэлжээ. 2017-2025 онд хэрэгжих Агаарын болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасгах, нийслэл хотод дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг ашиглахыг бүрэн хориглох, агаар, орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувиар бууруулах зорилтуудыг тавьсан байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор АХБ 130 сая ам.долларын зээлийг баталсан бөгөөд бохирдолтой холбоотой хууль тогтоомжийг сайжруулах, уушигны хатгааны эсрэг дархлаажуулалтыг өргөжүүлэх, эмнэлэг, сургуулиудад агаар шүүгч суурилуулах, халаалт болон тээврийн хэрэгсэлд цэвэр түлш ашиглах зэрэг бодлогын алхамуудтай санхүүжилтийг нь уялдуулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх бодлогын шинэчлэлд тээврийн салбарт хэрэглэж буй цэвэр түлшинд үзүүлэх татварын хөнгөлөлтийг онцгой албан татварын хуульд оруулах, цахилгаан халаагуурын үндэсний стандартыг боловсруулан батлуулах зэрэг ажлууд багтсан байна.

“Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, байнга цэвэр байлгахад оновчтой бодлого туйлын чухал” хэмээн Улаанбаатар хотын Агаарын чанарыг дээшлүүлэх хөтөлбөрийн удирдагч АХБ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэн Мариа Пиа Анкора хэлээд “Хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулах урт хугацааны маш чухал үр дүнг авчирна” хэмээв.

Орон сууц хүсэх нь

Хуучин муу зуухандаа түүхий нүүрс түлж агаарын бохирдлыг дордуулж байгаагаа Намхайн Базарсад маш сайн ухамсарладаг.

Гэхдээ удахгүй зуухнаасаа сална гэдэгт тэр итгэлтэй байна. Төвлөрсөн дулаан, ариутгах татуургад холбогдохыг тэсч ядан хүлээнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд гэрийнх нь ойр баригдаж буй хатуу хучилттай зам агаарын тоосжилтыг үлэмж бууруулна.

Гэхдээ тав тухтай орон сууцанд орох бололцоотой болох нь түүний сэтгэлийг нь хамгийн ихээр хөдөлгөх ажээ. “Энэ төлөвлөгөө бодитоор хэрэгжинэ гэж би бодож байгаа. Би орон сууцанд орохыг тэсэн ядан хүлээж байна. Хотын төвд амьдарснаас өөрцгүй болно шүү дээ” гэж тэр хэллээ.

Жон Ларкин нь АХБ-ны Харилцаа хамтын ажиллагааны газрын Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн. Ганзоригийн Гантуяа нь АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Гадаад харилцааны мэргэжилтэн. АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

SHARE THIS PAGE