Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлалт болон аж үйлдвэрийн үйл ажиллагаанаас болж Монгол орны xүлэрт намгархаг газрууд доройтсоноос экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна.

Архангай аймаг, Монгол Улс -- Орхоны чийглэг хөндий мянга мянган жилийн туршид мал сүрэг, малчин түмнийг ундаалж ирсэн бөгөөд энэ нутагт төрж өссөн малчин Надмидын Чимэдрэгзэн тэдний нэг билээ.

Ихэд хөвсгөр хөрстэй газрыг мориор туулах аргагүй байсан үеийг тодхон санадаг тухайгаа тэр дурсан сууна. Хөрс шороо усыг зөөлөн хөвсгөр порлон мэт шингээн авах тул өтгөн ногоон зүлэг халиурсан өргөн уудам хүлэрт намгархаг газрууд буй болж гол нуурыг тэжээдэг байв. Гадаргын хувьд амаргүй бартаатай хэдий ч бэлчээрийн хувьд дэндүү сайхан нутаг байжээ.

Харин хорь орчим жилийн тэртээгээс энэ бүхэн өөрчлөгдөж эхэлжээ. Намаг ус ширгэж зүлэг ногоо үгүй болов. Энхэл донхол гадаргуу хавтгайрч, хуурай гандуу болсон байна. “Хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол усны түвшин буурч байгаа явдал байсан” гэж Чимэд хэлээд “Ямар нэг юм хийхгүй бол болохгүй нь гэж тэр үед би ойлгосон юм” хэмээн хүүрнэв.

Экологийн тэнцвэр алдагдсан нь

Намгархаг газруудад үхжсэн ургамлууд хэсэгчлэн задралд орох явцдаа, ургаж байх үедээ агаараас хуримтлуулсан нүүрстөрөгчтэй урвалд орсноор хүлэрт намаг бүрэлдэн тогтдог байна. Бэлчээр талхлагдаж, цөлжилт хүрээгээ тэлснээс Монгол орны ихэнх газар нутаг доройтолд орж байгаа тул ийм төрлийн чийглэг, шимт хөрс малчдыг соронз мэт татдаг. Үр дүнд нь хүлэрт намгархаг газруудын хувь тавилан сөргөөр эргэсэн юм. Уур уурхайн олборлолт, зам барилга, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй гал түймэр гээд бүгд хүлэрт намгуудыг сүйтгэж байгаа бол уур амьсгалын өөрчлөлт байдлыг улам дордуулж байна.

“Усны түвшин буурч байгааг хамгийн түрүүнд анзаарсан. Ямар нэг юм хийхгүй бол болохгүй нь гэж тэр үед би ойлгосон юм.” 

Надмидын Чимэдрэгзэн

Эмзэгт тооцогддог экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Хүлэрт намгархаг газрууд бол Монгол Улсад үлдээд буй бэлчээрийн сүүлчийн шимт газрууд юм. Тэд гадны нөлөөгүй тохиолдолд хайлах цас, хур борооны усаар тэжээгдэж шүүж цэвэрлэсэн цэнгэг усаа гол нууруудад нийлүүлдэг. Хөрсний элэгдлээс хамгаалаад зогсохгүй газрын доорх усны түвшнийг зохицуулах үүрэгтэй тул ургамал ойг тэтгэж, цөлжилтөөс хамгаалдаг.

Гэвч сүүлийн 50 жилд Монгол орны хүлэр бүхий газар нутгийн эзлэх нийт талбай бараг хоёр дахин багасаад байна. Энэ нь эртний мөсөн уулуудын томоохон ул мөрүүд болох мөнх цэвдэгт үлэмж ихээр нөлөөлжээ. Хүлэр багасахад мөнх цэвдгүүдийг орчны нөлөөллөөс хамгаалдаг давхарга хумигдаж тэд хайлж эхэлдэг. Тавьхан жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол Улсын нийт мөнх цэвдэг гуравны нэгээр багассан байна.

Эдийн засгийн үр дагавар нь үнэхээр сэтгэл түгшихүйц. Мөнх цэвдэг давхаргууд нь Монгол орны цэнгэг усны чухал нөөц. Тус улсын нийт ажиллах хүчний гуравны нэг нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг бүрдүүлдэгхөдөө аж ахуйн салбар нь усны болон тэжээлийн нөөцөөс туйлын хараат салбар билээ.

Малчдын амьжиргааны гол эх үүсвэр болох мал аж ахуй нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дийлэнх хувийг эзэлдэг. Малын тоо толгой 1990-ээд оноос эрчимтэй өсч, хоёр дахин нэмэгдсэнээр 60 саяыг даваад байна. Тоо толгойн энэхүү өсөлт дээр гангийн давтамж нэмэгдсэн нь хөрсийг үлэмж ихээр доройтуулсан тул мал амьтад шим тэжээлтэй хөрс хайн бэлчээр сэлгэж хүлэрт намгархаг газруудыг чиглэх болсон байна.

“Хүлэрт намгархаг газруудад бэлчээрлэж байгаа малын тоо бусад газруудтай харьцуулахад 20-30 дахин их байгаа нь асуудал үүсгэж байгаа юм” гэж Нидерланд улсад төвтэй Вэтландс Интернэшнл ашгийн бус байгууллагын хүлэрт намгийн мэргэжилтэн Татьяна Минаева өгүүлээд “Монголын нийт бод малын 80 хувь нь нийт газар нутгийнхаа ердөө хоёрхон хувийг эзэлдэг ердийн болон доройтсон хүлэрт намгархаг газруудад төвлөрөөд байгааг судалгаагаар тогтоосон” гэв.

Нүүрстөрөгчийн шингээлт буурч байгаа нь

Хүлэрт намгархаг газруудын доройтол нь Монгол Улс, цаашлаад даян дэлхийн уур амьсгалд урт хугацааны үр дагавар үзүүлэх үйл явц юм. Хүлэрт намгархаг газрууд доройтон, мөнх цэвдэг хайлахад эртнээс хуримтлагдсан органик нүүрстөрөгч агаар мандалд ихээр ялгардаг. Хүлэрт намгархаг газрууд дэлхийн хуурай газрын дөнгөж 3 хувийг эзэлдэг ч хөрсөн дэх нийт нүүрстөрөгчийн 30 хувийг агуулдаг тул доройтол харьцангүй явагдахад ялгаруулалт ихэсдэг.

Монгол орон далайн түвшнээс харьцангуй өндөрт өргөгдсөн, уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн бүсэд хамаардаг тул дэлхийн дулааралд харьцангуй илүү их эмзэг. Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгч байгаа мэдээллээр 1940 оноос хойш Монгол орны дундаж хэм 2 гаруй хэмээр өссөн бөгөөд өвлийн тэсгэм хүйтэн өдрүүдийн тоо цөөрч зундаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр халдаг болсон байна. Олон жижиг нуур цөөрмүүд ширгэж, голуудын мөсөн бүрхэвч 35 см-ээр нимгэрсэн байна.

Уур амьсгалын загварчлалаас үзэхэд агаарын хэм цаашдаа ч нэмэгдэх бөгөөд хэр хурдацтай өсөх нь хүлэмжийн хийн ялгарлаас хамаарах юм байна. Хүлэмжийн хийн ялгарал өндөр байх хувилбараар авч үзвэл Монгол орны агаарын дундаж хэм 2016- 2035 он хүртэлх хугацаанд даруй 6 хэмээр өсөх ажээ. Ингэсэн тохиолдолд хүлэрт намгуудын нөхцөл байдал улам доройтож, илүү их хэмжээний нүүрстөрөгч гадагшилж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл улам ихсэх юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах нь

“Маш том гинжин нөлөөлөл бий болно. Гидрологийн нөхцөл байдал маш эмзэг байдаг. Экосистемийн зүй тогтол нэгэнт эвдэгдсэн цагт түүний хор хохирлыг эргүүлэхэд туйлын бэрх болно” гэж Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Батбаярын Нямбаяр хэлэв.

“Гидрологийн нөхцөл байдал маш эмзэг байдаг. Экосистемийн зүй тогтол нэгэнт эвдэгдсэн цагт түүний хор хохирлыг эргүүлэхэд туйлын бэрх болно.” 

Батбаярын Нямбаяр

Энэ сорил хүндрэлийн эсрэг Монгол Улсын авч буй арга хэмжээ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг зорьж буй хүлэрт намгархаг газрууд бүхий улс орнуудад сургамж туршлага болох юм. Вэтландс Интернэшнл байгууллагаас 2008 онд хийсэн судалгаагаар доройтсон хүлэрт намгуудаас ялгарах нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх улс орнуудын 7-д Монгол Улс эрэмбэлэгдсэн байна. Гэтэл хүлэрт намгархаг газрын эзлэх нутаг дэвсгэрийн хэмжээгээр Монголоос дээгүүр эрэмбэлэгдэх улс орон 12-оос ч илүү байдаг байна. Доройтолд орж буй хүлэрт намгархаг газруудаас ялгарах нийт хийн ялгаруулалт нэн ялангуяа хөгжиж буй орнуудад өсөх хандлагатай байна хэмээн дээрх байгууллагаас сануулж байгаа юм.

“Доройтсон хүлэрт намгархаг газруудыг нөхөн сэргээх, өнөөгийн хүлэрт намгархаг газруудыг нөлөөллөөс ангид байлгах нь малчдын амьжиргаанд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн асар их нөлөөг бууруулахад томоохон ач холбогдолтой” хэмээн Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн ахлах мэргэжилтэн Алвин Лопез тэмдэглэв. “Тийм ч учраас үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтөд хүлэрт намгархаг газруудын хамгааллын асуудлыг тусгах явдал асар чухал болоод байна” гэж тэрээр онцлов.

Далан барих зэргээр бодлогыг уялдуулах нь

Монгол Улсын эртний нийслэл Хархорин хотоос машинаар нэг цаг явах зайд Малчин Чимэдийнх амьдардаг. Усаа хамгаалах шаардлагатай тулгарснаар Чимэд гэрийнхээ ойр байгаа хүлэрт намаг бүхий газрыг аврах санаачилгаа эхлүүлсэн байна. Гэвч түүний энэ тэмцэл эерэг сөрөг холимог үр дүн авчирчээ.

Булаг шандыг тойруулан барьсан модон хашаа нь ус хөлдөх үед нуран унажээ. Мөн хэдэн жилийн өмнө Чимэд нутгийнхаа малчдыг дайчлан тэр хавийн нийт малын усалгаанд зориулж барьсан жижгэвтэр далан нь хэсэг хугацаанд үр дүнгээ өгч байсан хэдий ч далангийн эрэг нь малд туучуулсаар нойтон шавар болон нуран унажээ.

Гэсэн ч түүний хийсэн ажил бусдын анхаарлыг татаж чадсан байна. 2015 онд АХБ Вэтландс Интернэшнл-тай хамтран бэлчээрийн даац хэтрэлт, малын хөлд сүйтгэгдсэн хүлэрт намгархаг газруудыг тэжээдэг булаг шандыг төмөр хайсаар хашиж хамгаалсан юм.

Мөнх цэвдэг судлаачид болон гидрологичдын тогтоосноор мөнх цэвдэгийн хайлсан ус хуримтлагдаж их хэмжээний газрын доорх ус булаг шанд болон газрын гадаргууд гарч ирдэг байна. Усны нөөц байгааг тогтоосон нь Чимэдийн гэрийнхээ ойр орчмын хүлэрт намгархаг газруудыг нөхөн сэргээх ажилд ихээхэн түлхэц болсон юм. Тойруулан барьсан хашаанаас болж булаг шандад хүрч чадахгүй байгаа малчид, тэдний мал сүрэгт зориулан тэрээр багахан хэмжээний далан барьсан байна.

Таван га бүхий нөхөн сэргээлтийн талбайд одоо хамгаалалттай гурван булаг байгаа бөгөөд энэ нь улс орны бусад бүс нутгуудад авч хэрэгжүүлж болохуйц шилдэг туршлага болжээ. Усны чанар, хэмжээ мэдэгдэхүйц дээшилсэн бөгөөд өвс ургамал эргэн сэргэсэн байна. “Энэ газар унаган төрхөндөө эргэн очиж байна” гэж Монголын ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаач доктор Зандраабалын Цогт хэлэв.

Судалгаа үйлдэл рүү хөтлөх нь

Нөхөн сэргээлтийн энэхүү санаачлага нь уг чухал асуудал руу бодлого боловсруулагчид болон нийт ард иргэд, үүний дотор малчин түмний анхаарлыг хандуулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Бадарчийн Гэрэлт-Одын хувьд 2016 онд АХБ болон Ядуурлыг бууруулах Японы сангаас (ЯБЯС) Архангай аймагт зохион байгуулсан хүлэрт намгархаг газруудын талаарх семинарт оролцсоноор асуудлын цар хүрээг илүү ихээр ойлгожээ. Малын тарга хүч өмнөхөө гүйцэхгүй болсон тул малаа 2 дахин бага үнээр борлуулах болсон, гэтэл малын тэжээлийн үнэ бараг хоёр дахин өссөн байна.

“Онц чухал энэхүү газар нутгийг хадгалах, хамгаалах тал дээр цаашид илүү анхаарч, түншүүдтэйгээ хамтран ажиллах болно.” 

Доржсүрэнгийн Ариунтуяа

“Хүлэрт намгархаг газар өвс ч үгүй, ус ч үгүй болсон нь малчдын амьжиргаа, орлогод шууд нөлөөлж байна. Харин юу болоод байгаа талаарх ядаж наад захын ойлголтыг бид одоо л авч байна” гэж Бадарч хэлсэн юм.

Бадарч Хашаат сумын засаг дарга бөгөөд тус суманд зохион байгуулагдсан семинар нь Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ЯБЯС-аас хэрэгжүүлсэн техникийн туслалцааны хүрээнд хийгджээ. Төслийн үр дүнд хүлэрт намгархаг газруудын гүйцэтгэх чухал үүргийг хүмүүс бодитойгоор ойлгон ухамсарлаж, тэдгээрийг нөхөн сэргээх, хамгаалах, зохицуулах асуудлыг эдийн засгийн бүхий л салбаруудад хамааруулан, бодлого төлөвлөлтөд тусгахын ач холбогдлын талаарх ойлголт гүнзгийрсэн хэмээн үздэг.

“ЯБЯС болон АХБ-аас үзүүлсэн уг дэмжлэг нь хүлэрт намгархаг газруудын экосистем болон түүний ач холбогдлын талаар үнэлж баршгүй мэдлэг мэдээллийг өглөө” гэж Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Доржсүрэнгийн Ариунтуяа дүгнээд “Онц чухал энэ газар нутгийг хадгалах, хамгаалах тал дээр түншүүдтэйгээ хамтран цаашид анхааран ажиллах болно” хэмээн онцоллоо.

Өгөгдөл, мэдээллийн дутмаг байдлыг шийдвэрлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байна. Техникийн туслалцааны хүрээнд хийгдсэн цогц үнэлгээ, түүний тайланд хүлэрт намгархаг газруудыг хадгалж хамгаалах арга замуудыг тодорхойлсон. Дэвшүүлсэн бодлогын зөвлөмж нь орон нутгийн, үндэсний болон олон улсын түвшинд нэн түрүүнд анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлох, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх болон чадавхийг бэхжүүлэх арга замуудад чиглэгдсэн байна.

Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний төсөлд нэн тэргүүний ач холбогдолтой 10 хүлэрт намгархаг газруудын хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн 80 санаачлагыг тодорхойлсон байна. Орхоны хөндийд хамаарах санаачлагууд дотор ус бохирдох, урсгал боогдох зэрэг сөрөг нөлөөллийг тодорхойлох гидрологийн нарийвчилсан судалгаа хийх, доройтолд ороогүй байгаа хүлэрт намгархаг газруудыг хамгаалах зэрэг санаачлагууд багтсан байна.

Цаг хугацаатай өрсөн “хөдлөх” шаардлага

Монгол Улсын хүлэрт намгархаг газруудыг хамгаалах арга хэмжээг яг газар дээр нь, мөн бодлогын түвшинд, үүний дотор хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх нь чухал. Эдгээр арга хэмжээний үр дүнгээс тус улсын олон улс дахь нэрийн хуудас болсон нүүдлийн мал аж ахуйн ирээдүй шалтгаалах болно.

“Хүлэрт намгархаг газруудаа хамгаалах ёстой гэдгийг нутгийн иргэдэд ойлгуулан үнэмшүүлэх нь өнөөдрийн хамгийн том зорилт. Бид юу ч хийхгүй бол уг өвслөг газар нутаг илүү хурдан доройтох магадлалтай. Ингэсэн тохиолдолд малчдын амьжиргаанд асар ихээр нөлөөлнө” гэж Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Нямбаяр тайлбарлав.

Газар нутаг хурдацтай өөрчлөгдөн доройтож байгааг нүдээрээ харсан малчид яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг сайтар ухамсарласан гэдэгт Чимэд итгэдэг. Тиймээс ядаж зарим сөрөг үр дагаврыг зөөллөх, магад эргүүлэх боломж бидэнд байна хэмээн найдаж, өөдрөг бодолтой явдаг болжээ.

“Манай энэ хавийн олон хүн намайг дэмжих болсон, олон ч санаа надад бас байна. Миний мөрөөдөл бол энэ нутгийг бүхэлд нь хамгаалах...” хэмээн тэр хэлсэн юм.

Жон Ларкин нь АХБ-ны Харилцаа хамтын ажиллагааны газрын Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн. Ганзоригийн Гантуяа нь АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Гадаад харилцааны мэргэжилтэн. АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

SHARE THIS PAGE