Монгол Улсын баруун бүсэд орших Ховд аймагт шинэ зам тавигдаж, айл өрхүүд, оюутан залуус үр өгөөжийг нь хүртэж байна. “Урьд өмнө маш муу замтай байсан. Ялангуяа уулаар явахад их хэцүү. Сургууль руугаа ирэхдээ бүтэн хоног зарцуулдаг байсан болхоор манай гэр их л хол юм шиг санагддаг байв. Харин одоо шинэ замтай болоод өдөртөө л гэртээ харьж, гэрийнхэнтэйгээ уулзчихаад эргээд ирэх боломжтой болсон” хэмээн Ховд Их сургуульд Биологийн мэргэжлээр сурч буй Урангоо ярилаа.

Урангоо болон түүний сургуулийнхан Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн эхний шатны бүтээн байгуулалтын үр өгөөжийг ийнхүү хүртэж байна. Тус төслийн хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ыг Монголын баруун бүсээр дамжуулан Оросын Холбооны Улс (ОХУ)-тай холбох зам тээврийн коридор байгуулж байгаа юм.

Азийн хурдны замын сүлжээний нэг хэсэг болох энэхүү босоо тэнхлэгийн авто зам нь 750 километр (км) урттай байх юм. БНХАУ-тай хиллэх Монгол Улсын баруун өмнөд хилийн Ярант боомтыг Ховд аймгийн төв Ховд хоттой холбох замыг төслийн эхний шатанд тавьсан. Мөн түүнчлэн, зам засварын ангиуд байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, тээврийн салбарын албан хаагчдыг чадваржуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийжээ.

Алслагдмал нутаг олон улсад гарцтай болсон нь

Авто замын коридор нь Монгол Улсын БНХАУ, ОХУ болон бүс нутгийн бусад улс орнуудтай холбогдох зам тээврийн сүлжээг бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлт, нийгмийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж байна.

Аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн ярьснаар, коридорын бүтээн байгуулалт Ховд аймагт хэдийнээ үр өгөөжөө өгч эхэлжээ. Монгол Улсын баруун хязгаарт орших Ховд аймаг нь улсын нийслэлээс ихээхэн зайтайн улмаас алслагдмал бүс нутагт тооцогддог. Аймгийн эдийн засгийн үндсэн тулгуур болох мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд сайн чанарын зам зайлшгүй шаардлагатай юм.

“БНХАУ, ОХУ хоорондын худалдаа өргөжиж байгааг бид харж байна” хэмээн Засаг дарга хэлээд энэхүү хоёр аварга том эдийн засгийг холбож буй хуурай газрын хамгийн том худалдааны зам Ховд аймгаар ийнхүү дайран өнгөрч буйг онцоллоо.

Зам сайжрахад амьдрал ахуй дээшилнэ

Монгол орны баруун бүсийн шинэ замыг даган аж төрж буй иргэд зам тээвэр сайжирсны үр өгөөжийг мэдэрч эхэлжээ. Таван хүүхдийн ээж Г.Ягаанцэцэг замын дэргэд жижиг дэлгүүр ажиллуулж эхлэхээсээ өмнө малчин байсан. Гэр нь хүүхдүүдийн сургуулиас хэт хол, амьдрал нь хүнд хэцүү байв. Орлого багатай учраас амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй тулгардаг байв. Жижиг дэлгүүрээ нээх үед нь замыг хатуу хучилттай болгож сайжруулаагүй байсан тул ихээхэн бэрхшээлтэй байжээ.

“Бид их азтай. Одоо бараа бүтээгдэхүүнээ хямд зардлаар татахаас гадна илүү хурдан, аюулгүй зорчих боломжтой болсон.”

Шинэ замын үр өгөөжийг хүртэж буй дэлгүүрийн эзэн Г.Ягаанцэцэг

“Зам тавигдахаас өмнө бид аймгийн төв рүү 300 км замд 14 гаруй цаг явдаг байлаа. Бид БНХАУ-ын хил дээр бага хэмжээний худалдаа хийдэг. Хил рүү явж ирэхэд 2-оос 3 өдөр зарцуулдаг байв” хэмээн ярив. Шинэ зам нээгдэж, хөдөлгөөн нэмэгдсэнээр дэлгүүрийнх нь арилжаа наймаа эрчимжсэн байна. Мөн үйл ажиллагааны зардал нь буурсан тул гэр бүлээ тэжээх орлого нь ч нэмэгджээ.

“Микро” автобусны жолооч Тулгын хувьд мөн адил зам тавигдсанаар үйл ажиллагааны зардал нь буурч, ашиг нь нэмэгджээ. Сүүлийн 7 жил зорчигч тээврийн жолооч хийж буй тэрээр, муу замтайн улмаас туулах чадвар сайтай ч ашиглалтын зардал өндөртөй Орос машин барьдаг байснаа дурсан ярилаа. Тэр үед нэг аймгийн төвөөс нөгөө рүү замд 12 цаг явдаг байсан тул очсон газартаа заавал хонож, илүү зардал гаргадаг байжээ.

“Харин одоо бид өдөртөө яваад ирж байна,” хэмээн тэр өгүүлээд, “Машин эвдрэх нь багассан. Урьд өмнө дугуй байнга хагарч, пүрш амортизатор тэсдэггүй асуудалтай байв. Харин одоо тийм зовлонгүй болсон, машинаа угааж арчаад л болох нь тэр” хэмээв.

Хүний амь аврагдаж байна

25 гаруй жил тус аймагт эмчээр ажиллаж буй Б.Амаржаргал эмчийн ярьж буйгаар шинэ зам тавигдсан нь өвчтөнүүдийн амьдрал ахуйд ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн байна. “Сумын эмнэлгийн даргаар ажиллаж байхад зам муугаас өвчтөнөө тээвэрлэх, яаралтай дуудлагад явахад маш хэцүү байдаг байв. Муу замаар өвчтөнүүдийг тээвэрлэж явахад тэдэнд зовиуртай, эмч нарын хувьд ч өвчтөнүүд дээр хүрч очиход цаг их зарцуулдаг байлаа” хэмээн тэрээр дурсан ярив.

Зам сайжирснаар аймгийн эмч нар илүү өргөн газар нутагт хүрч ажилладаг болсон нь Монгол Улсын хүн ам тархай бутархай суурьшсан өргөн дэлгэр хөдөө орон нутгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Ховд аймгийн эмэгтэйчүүдийн эмч З.Батсүх ч мөн ижил түүх өгүүлж байна. Тэрээр амин чухал эмнэлгийн үйлчилгээ авахын тулд өвчтөнүүд бартаа ихтэй муу замаар олон цагийн туршид зүдрэн явдаг байсан үеийг дурслаа.

“Зам сайжирснаар аймгийн эмч нар илүү өргөн газар нутагт хүрч ажилладаг болсон нь Монгол Улсын хүн ам тархай бутархай суурьшсан өргөн дэлгэр хөдөө орон нутгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.”

Тэрээр бусад эмч нарын адил энэ бэрхшээлийг туулсан. Зэргэлдээх сумын өвчтөн дээр очихын тулд заримдаа 24 цаг зарцуулдаг байв. “Зам муу байхад алслагдмал газрын өвчтөнүүд дээр хүрч очиход нэлээд хэцүү байсан. Өвчтөнүүд дээр очихын тулд маш их цаг зарцуулдаг байсан” хэмээн тэр ярихдаа нэг жил түүний хариуцдаг суманд 16 эх эндэж байсан тухай гашуун түүхийг дурсав.

Зам сайжирснаас хойш замд хэдэн хоног биш хэдэн цаг, зарим тохиолдолд хэдхэн хором зарцуулдаг болжээ. Шинэ замын ачаар аймгийн эмч нар эмчилгээний багаж хэрэгслээ өвчтөнүүд дээр авч очих, илүү олон удаа давтан үзлэг эмчилгээ хийх боломж нээгдсэн байна. “Үнэхээр өдөр шөнө шиг том өөрчлөлт гарсан. Одоо манай аймаг эхийн эндэгдэлгүй болсон” хэмээн тэр ярилаа.

 

Үр дүнгийн гинжин хэлхээ

БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, I ШАТ

Хөрөнгө оруулалт
Үр дүн
Үр нөлөө
  • 37.6 сая ам.долларын буцалтгүй тусламж 2008 оны 2-р сарын 26-ны өдөр батлагдсан
  • Ярант–Ховд чиглэлийн 223 км авто замыг сайжруулсан
  • Одоогийн зам засварын нэг анги дээр нэмж 2 шинэ засварын төв байгуулсан
  • Замын хөдөлгөөний дундаж хурд 2008 онд 40 км/ц байснаас 2015 онд 80 км/ц болж нэмэгдсэн
  • Ярантаас Ховд хот хүртэл зорчих хугацаа 4 цагаар багассан (2008 онд 10 цаг байснаас 2017 онд 6 цаг болсон)

АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл авах бол энд дарна уу.

Энэхүү богино өгүүллийг Ази, Номхон далайн бүсэд хөгжлийн үр нөлөө, шилдэг туршлага, инновацийн жишиг болон амжилттай хэрэгжсэн АХБ-ны төслүүдийг онцлон танилцуулдаг “Хамтдаа Бид Бүтээнэ” (хуучнаар “Амжилтын төлөө хамтдаа”) нийтлэлд анх толилуулав.

SHARE THIS PAGE