Азийн Хөгжлийн Банкны дэмжлэг боловсролын хамран сургалт, мэргэшсэн багшийн тоог нэмэгдүүлж, Монгол Улсын боловсролын тогтолцоог зах зээл, үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд илүү нийцтэй болгов.

Дэмбэрэлийн Үдэлгарав хүүхдэд хайртай, тэднийг хүсэл мөрөөдлөө танин мэдэж, сайн сайхан явахыг хүсдэг учир 40 жилийн өмнө багш болжээ.

Багшлах үргэлж амар хялбар байсангүй. Тэрээр 1997 оноос Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуульд химийн хичээл зааж эхлээн бөгөөд түүнд сургалтын хэрэглэгдэхүүн гэж зөвхөн самбар, шохой хоёр л байжээ. Химийн хичээл дээр туршилт хийх ямар ч тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн сургуульд нь байсангүй.

Энэ байдал нь 2007 онд АХБ-ны санхүүжилттэй Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-3 төслийн ачаар өөрчлөгджээ. Ирээдүй цогцолбор сургууль химийн лаборатори, мэдээлэл харилцааны технологийн төв, цахим номын сан гэх мэт шинэ сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмж хүлээн авчээ. Багш нар шинэчилсэн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн талаар сургалт авч, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх удирдамжийг мөрдөж эхэлсэн байна.

“Одоо манай заах-сурахуйн үйл ажиллагаа лабораторид түшиглэн явагддаг болсон. Сурагчид туршилт хийж, мөн оюутнууд [багш болохоор бэлтгэгдэж буй оюутан] багшлах дадлага хийхээр манай лабораторид ирдэг” гэж Үдэлгарав өгүүлэв.

Боловсролын хуучирсан хөтөлбөр

1990 оны эхээр буюу хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын татаас төгсгөл болж, улс орон зах зээлийн эдийг засаг руу шилжих шилжилтийн эхэн үед Монголын сурган хүмүүжүүлэгчид 1980-аад оны үед олсон ололт амжилтаа тогтвортой авч үлдэх гэж оролдож байлаа. Боловсролын төсөв, чанар ч буурсан байв. Барилга, байгууламж эвдэрч муудан олон сургууль хаалгаа барьсан байв. 1996 он гэхэд бага болон дунд боловсролын хамран сургалт тус бүр 94% (1986 оны 100%-тай харьцуулахад), 63% (1986 оны 87% -тай харьцуулахад) болж буурсан байв.

Сургуулиуд төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоотой байх үеийн сургалтын хөтөлбөрөөр шинэ зах зээлийн эдийн засгийн үед хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг суралцагчдад олгоход хүндрэлтэй тулгарч гацсан байв. Багш нар зохих мэдлэгээр дутмаг, хуучирсан тоног төхөөрөмж ашиглаж байв. Мэргэшсэн багш нар багшлах ажлаа өргөжин тэлж буй хувийн салбарын илүү боломжтой ажлаар сольж байлаа. Боловсролын тогтолцоо орчин үеийн суралцахуйн арга зүйг нэвтрүүлээгүй байсан нь байдлыг улам дордуулж байв.

Ядуурал газар авсан байлаа. 21-р зууны эхэн үед Монголчуудын гуравны нэгээс дээш хувь нь өдрийн 0.75 ам.доллартай тэнцэх орлоготой байв. “Боломжит ур чадвар болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хоёрын хоорондын зохицолдоогүй байдлаас үүссэн ажилгүйдэл, бүрэн бус ажил эрхлэлт нь ядуурлын үндсэн шалтгаан болж байлаа” хэмээн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны төслийн зохицуулагч Раднаагийн Бандий хэлжээ.

Шинэчлэлийг нутагшуулж, нөөц бололцоог дээшлүүлэх нь

АХБ нь Монголын боловсролын салбарыг дэмждэг гадаадын хамгийн том байгууллага байсаар ирсэн. 2006 он гэхэд АХБ-ны боловсролын хөгжлийн хоёр төсөл хэрэгжиж хамран сургалтыг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэв. Хоёр төсөл нь Япон Улсын Засгийн газар, Нордикийн Хөгжлийн Сан зэрэг бусад хөгжлийн түнш байгууллагуудын дэмжлэгтэй хэрэгжсэн юм.

“Багшийн мэргэжил дээшлүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангасан нь МСҮТ-д итгэх итгэл, нэр хүндийг өсгөсөн.”

Өлзиймэндийн Ганболд, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Ахлах мэргэжилтэн

2006 онд батлагдсан Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-3 төслийг хэрэгжүүлэн шинэчлэлийн хурдыг эрчимжүүлэхэд АХБ Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажилласан билээ. АХБ-ны 13 сая, Засгийн газрын 3,38 сая ам.долларын санхүүжилттэй тус төслөөр ерөнхий боловсролын 10 жилийн сургалтын тогтолцоог 12 жилд шилжүүлсэн юм. Тус төсөл нь боловсролын тогтолцоог зах зээл, үйлдвэрлэлийн эрэлтэд илүү нийцтэй болгох үүднээс үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөр, боловсролын шинэчилсэн стандарт боловсруулахад чиглэсэн юм.

Төсөл 2012 онд дуусах үед сургалтын хөтөлбөрийн шинэ тогтолцоо, шинэчилсэн боловсролын стандарт бий болж шинэ сурах бичиг хэвлэгдэж, 3,000 гаруй багш нар бэлтгэгдсэн байв.

Тус төлийн хүрээнд 68 жишиг бага, дунд сургуулийг заах суралцах сургалтын хэрэглэгдэхүүн, мэдээлэл харилцааны технологийн тоног төхөөрөмж, програм хангамж, тавилга хэрэгслээр хангасан. Энэ сургуулиуд нь тодорхой хичээлээр жишиг сургууль болж мэдлэг, дадлага туршлагаа бусад сургуультай хуваалцан ажилладаг байв.

Мөн түнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 6 төв (МСҮТ)-ийг жишиг сургууль болгон шинэчлэж, шинэ заах суралцах сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан. “Багшийн мэргэжил дээшлүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангасан нь МСҮТ-д итгэх итгэл, нэр хүндийг өсгөсөн” гэж төслийн мэргэжлийн боловсрол сургалт хариуцан ажилласан Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны ахлах мэргэжилтэн Өлзиймэндийн Ганболд хэлэв.

Залууст ахиу боломж олгох нь

Нийт 240,000 сурагч 21,900 багш төслийн үр шимийг хүртжээ. Төсөл хэрэгжүүлэх үед хамран сургалтын бохир жин аажмаар өсөж байлаа. 2010–2011 оны хичээлийн жилд бага болон дунд боловсролын хамран сургалт тус бүр 99% болон 94% болсон байв.

Залуучуудын хөдөлмөр эрхлэх боломж улам бүр нэмэгдэж байна. Жишээлбэл, 2013 онд Сайншанд хотын МСҮТ төгсөгчдийн 60% нь төгссөнөөс хойшхи 6 сарын дотор ажилтай болсон байна.

Монголын хөгжин буй боловсролын тогтолцоог дамжиж гарсан сурагчид төслийн үр дүнг зохистой үнэлэх болов уу. Ирээдүй цогцолбор сургуулийг 2012 төгсөж Монгол Улсын Их сургуульд Уул уурхайн машин механизмын чиглэлээр сурч буй Нямбаярын Самбалхүндэв “Би үүгээр маш их бахархаж байна, бидэнд боломж олгосон” хэмээн хэллээ.

Ази Номхон Далайн бүсийн орнуудад амжилттай хэрэгжиж, хөгжлийн үр дүн, шилдэг туршлага, шинэлэг арга барилыг нэвтрүүлсэн АХБ-ны төслүүдийг танилцуулдаг Амжилтын Төлөө Хамтдаа хэмээх товхимолд энэхүү нийтлэл нь анх нийтлэгдсэн болно.

SHARE THIS PAGE